Биндэр

УБ-Биндэр-УБ

2008 оны 10-р сар

Бидний зургаан нөхөр намрын нэгэн сайхан налгар өдөр загасчлах зорилгоор Биндэр сумыг зүглэн аян замд гарлаа. Уул шугамандаа ихээ эртнээс ярьсаар байж явж байгаа хэрэг. Уг нь өглөө эрт замд гарна гэж ярилцсан ч нар нэлээд дээр хөөрсөн хойно, 10 цаг болж байхад Баянзүрхийн товчоо өнгөрөөд давхиж байлаа. Нөгөө л “уламжлал” ёсоороо нэг нэгээр нь гэрээс нь авах, дэлгүүрээс хүнсээ цуглуулах, машины бэлтгэл, за тэгээд нэг нь заавал яахын аргагүй чухал зүйл мартаад эргэж буцах гээд хүндэтгэх шалтгаануудаас бултах аргагүй гэдгээ мэддэг ч “Эрт гарна шүү” гэж дандаа л “бүлтэрдэг” юм аа. Гэхдээ хааяа хааяа хэлсэндээ хүрч, товлосон цагтаа гарна аа гарна. Дандаа юу гэж жонхуураад байхав. Харин банкаа дүүргээд товчоогоор нэг гарсан байхад шуурхайлна шүү.

Зүүн тийш Өндөрхаан хүртэл засмал замтай болсон тул нэг үеэ бодвол сайхан болсон. Урьд Биндэр хүртэл 380 км замыг 9 цаг давхидаг байсан бол, одоо 7 цаг. Гол нь замын хагаст засмал замаар давхих болсон болохоор биед амар болжээ. Гэхдээ надад нэг бодол байдаг юм. Монгол орны хөдөө орон нутгаар, ялангуяа үзэсгэлэнт онгон байгаль тийш зам харилцаа сайжрах тусам тухайн газар нутгийн байгалийн онгон дагшин байдал эрчимтэй сүйрдэг сөрөг талтай. Явдаг явдаггүй машинтай, сайн муу санаатай, элдэв олз хайгсад хөвөрч өгнө дөө, тэр замаар. Тэгэхээр үзэсгэлэнт Хэнтийн нурууны зэрлэг ан амьтад, Онон голын загас ирэх жилүүдэд улам л цөөрөх байх даа.

Дийлэнх монгол аялагчид дэндүү заваан, байгалийг сэтгэл өвдмөөр бохирдуулж аялдаг. Цөөхөн тооны аялагч л “ор мөргүй аялах” зарчмыг баримталдаг. Уг нь тэгж байж л сэтгэл хангалуун байж, аялал ч сайхан болох ёстой. Гэхдээ манай аялагчид харьцангуй “соёлжиж” байнаа. Урьд нь хооолны үлдэгдэл, уут сав, архины шилээ буурин дээрээ тарааж хаячихаад явдаг байсан бол одоо хогоо сайхан цуглуулаад жимбийтэл уутанд хийчихээд орхиод явдаг болсон байна. Бас дэвшилттэй, тийм ээ. Бид заримдаа хээр орхисон иймэрхүү “бэлгийг” машиндаа хийгээд аваад явдаг юм.

За эргээд аяллын тухай яриандаа оръё. Сааталгүй давхисаар үдээс хойш Биндэр суманд ирэв. Ирсэн даруйдаа л загас барих бөөн хүсэлтэй улс уурга, дэгээгээ бэлтгээд, шууд л ажилдаа орлоо. Хоосонгүй ээ, хүн бүр л 30-40 см орчмын загас барьцгаав. Үдэш нь нутгийн ахынд буудаллан амарцгаалаа. Маргааш өглөө эрт Онон голоор өгсөхөөр ярилцав.

Урд өдрийн барьсан загаснуудаараа хоол хийхээр болж, ерөнхий тогоочоор Энхбаяр ажиллаж, өөрийнх нь хэлснээр Улаанбаатарын ямар ч ресторанд  хийдэггүй, хойшид ч хийхээргүй тийм гайхалтай амттай, хамгийн гол нь “ориг” загас зооголцгоосон билээ. Хажуугаар нь зарим нэг маш нарийн зоог бэлтгэсэн гэж байгаа. Энх, Нямка хоёр урьд нь Японд байсан, тэгээд суши идэж ихээхэн японжиж байсан арвин туршлагатай тул тэрхүү хоолыг хийж идсэн. Тэр хоёрын ярьж байгаагаар бол үнэхээр тасарсан амттай монгол-японы хамтарсан суши болж гэнэ. Хээр бэлтгэсэн амттай сушигээ тун додигор идэнгээ Японы тухай жаал буу халж байна аа, мань хоёр. Бодвол энэ ярианы хачир хоолыг нь улам саак амттай болгож байх шиг ээ. Харин надад бол загасны түүхий мах явдаггүй ээ. Ходоод, сэтгэл хоёрт нэг л “наалдаж” өгөхгүй байгаан. Сэмжтэй шүүрхий элэг шиг ядаж дутуухан ч болтугай болгохгүй бол нэг л биш ээ. Sorry, миний л бодол шүү.

Ингээд бид бүтэн өдөр гол дээр өнжив. Хүн бүр л тул дэгээдчих битүүхэн “мөрөөдөлтэй” Бараа бараагаа харан уургаа барин зогсож, бас биенээ сэмхэн тагнуулдаастай. Өөрийнхөө уурганы хажуугаар хүний уурга хараастай. Өрсөж барих гээд байгаа юм уу хаашаа юм. Тэгж байтал нэлээд холоос нутгийн ах даллалаа. Яаран очвол тулын зулзага, 50 см орчим “улаан сүүлт” барьжээ. Өмнө нь тул барьж үзээгүй хэд маань учиргүй баярлаж, барьж үзлээ. Харин хүн бүр тулын зулзгыг үнсээд улам олон болохыг ерөөгөөд буцааж усанд нь тавьсан юм.

Ерөнхийдөө бидний энэ удаагийн загасчлал олз омог багатай байлаа. Голоор нэг шарласан, гандсан навч хөвж байсан тул мань загаснууд юу ч тоохгүй байлаа. Өгөөшөө янз янзаар сольсон ч тэдний анхаарлыг татаж дөнгөсөнгүй. “Хүндэт өвгөн ах минь, хүрээд ирэв үү бас” гээд л гараад ирдэг загас Пушкин гуайн үлгэрт л байна л даа, Биндэрт тийм юм алгөө. Урьд өдөр нь байгаль хишгээ чамгүй хайрласан л даа, гэхдээ. Бас тул харуулсан.

Буцах боллоо. Нутгийн брэнд цөцгий, жимсний чанамал, талх гурав барьсаар гэр гэртээ харьсан даа. Загасны оронд.

Хааяа ийм юм байдаг л даа

Ээлжит нэг аялал дуусаж, Улаанбаатарын бараа алсад гэрэлтэн, бүгд л гар утсаа асаацгаан, түм түжигнэж, бум бужигнасан их хотын завгүй амьдралын хэмнэлдээ эргэн ирлээ. Ирэх өдрүүдийн ажил хотын бараатай хамт толгойд орж ирж байна аа.

Ижлээ

2 thoughts on “Биндэр

  1. hi sainuu? uuruu ali nutgiih ve? manai nutag saihan bga biz. nutgiin ah gej hen deer ochson be? minii id gaar holboo barij bolno shyy ok

  2. Saikhan aylasan bna.Ingej yavah goy shd ee. Odoo tegeed ta nar shig iim uls sumand ochood 10000 tog-iin huramjaa tolchdog bolchvol ih devshil yum shuu dee. Daanch tegej ogohgui shuu. Neg l saikhan aylasan hotiin bolovson ah nar… nutgiin indianaar gazarchluulaad ali l saikhant ni gazar hurchihne. “Huleej bai sumiin baichaagchaas neg zovshoorol bichuuled avay gej” hen ch duugardaggui. Iimerhuu uls Ulaanbaatart ih bna aa. Ed nar harin dandaa bolomjiin, zagaschlal, aylaj zugaalgiig hiij sursan uls baidag. Ahiad l Daanch….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>