Балдан Бэрээвэн хийд, Хар зүрхний хөх нуур

    Амралтын өдрүүдээр мэргэжлийн гэрэл зурагчин Б.Баяр ах, Гамма агентлагийн Д.Октябрь ах, MGL Design-ий Түмээ, түүний хүү бяцхан зурагчин Нинжин болон Бямбаа нартай ганзага нийлэн сайхан аялаад ирлээ.  Зорилго нь зураг авах. За да, миний зураг авах ч гэж гурилддаг байсан юм байна лээ. Мундаг зурагчдаас туршлага судлах зорилготой гэхүү дээ. Манайхны аппарат хэрэгсэл, дуран, хөл энэ тэр бол ярих юм байхгүй ээ “жинхнээсээ мэргэжлийн”.

 Ингээд хэдүүл өглөө эртлэн уулзаад 2 машин хөлөглөн замдаа гарав. Эхлээд Балдан Бэрээвэн хийд орохоод боллоо. Зам зуур шинэ анд нартай танилцан ойр зуурыг хуучлан “буу халсаар” явтал нэг л мэдэхэд л хийд орчихов.

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар  суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна.  Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийхан хуучилдаг.

    Тус хийд нь цагтаа 8000 ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон. Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

    1930 оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937 оноос хийдийг устгаж эхэлсэн. Лам нарыг зиндаанаас нь хамааруулан олон тооны лам нарыг цаазалж эхэлсэн ба зарим нь хоригдож, бага залуу нь гэртээ буцаагдсан гэнэ.

    Харин одоо хийдийн дугануудын суурь үлдсэн.

  1990 оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ. Харин одоо анх байсан байдлаар нь сэргээн засварлах ажил хийгдэж эхэлсэн байна. Зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн.

    Ингээд бид “Зураглах” үндсэн ажилдаа орж, хийдийн эргэн тойрон, ойр орчмоор алхацгаав. Би ч юугаар дутахав апраадаа асааж аваад ахлаа. Энд цаг орчим саатаад хийдээс 25 орчин км-т орших, аяллын үндсэн цэг Хар зүрхний хөх нуур руу хөдөллөө.

    Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1600 орчим метр өндөрт оршдог. Улаанбаатараас 220, Багануураас 70, засмал замаас салаад 35 км-т байрладаг.

   

Хар зүрх уулын өвөрт, уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм.

    Монголын нууц товчоонд Хар зүрх уулын нэр гурвантаа, Хөх нуурын нэр зургаан удаа дурдагддаг. Хар зүрхний Хөх нуур бол Чингис хаан гал голомтоо үүсгэсэн, Монголын хуралдай хуралдсан, Тэмүүжин хүү тайчуудын бариа хорионоос мултарч, Хорчихуй болдог буюу одоогийн Өглөгчийн хэрэмд нуугдаж байсан ээж дүү нартайгаа уулзаад тэндээсээ Хөх нуурт ирж, тарвага зурам агнан амьдарсан, энд байхдаа найман шарга агтаа хулгайд алдаад эргүүлэн авчирч эх, ба дүү нарынхаа сэтгэлийг амраасан, дараахан нь Бөртө үжинээ Сэнгүр горхины Хөх нуурт авчирч гэргийгээ болгосон тухай МНТ-д өгүүлсэн байдаг.

    Энэ нуурын орчим нь гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шаргачин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхэн нутаг билээ.

    Бид шингэх нартай уралдан нуурын хойд уулын овоон дээр гарч эргэн тойрноо жаал зураглан хэсэг саатсаны дараа хойд эрэг дээрх жуулчны баазад оройн зоог барин холгүйхэн ойн чөлөөнд хоноглов. Мундаг зурагчдаас зөвлөгөө аван, мэдэх мэдэхгүйгээ асуун, заалгаж зураг авах үнэхээр таатай санагдсан шүү. “Алтны дэргэд гууль шарлана” гэгчээр толгойд жаал юм бодогдоод л явчихна лээ. “Эрүүл агаар + 100″ гэдэг димдрол уугаад нам унтлаа. Өглөөн нарнаар хойд уулын өндөрлөг газар, нуурын эрэг, жуулчны бааз орчмоор алхан ажлаа хийцгээж, элдвийг ярилцан сатаарцгаасаар үд хэвийх алдад гэрийн зүг хөдөлцгөөлөө.

    Дашрамд хэлэхэд байлийн үзэсгэлэн бүрдсэн энэ түүхт газар хотоос ойрхон, зам сайтай, жуулчны бааз, амралтын газар нь тохилог тухтай, найз нөхөд, гэр бүлээрээ алжаалаа тайлж амрахад тун зохимжтой санагдсан шүү. Хамт аялсан ах, анд нартаа гэрэл зураг авах өөрсдийн туршлага, мэргэжлийн чадвар, мэдлэгээ харамгүй хуваалцан, заавар зөвлөгөө өгч байсанд гүнээ талархал илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Зарим эх сурвалжийг: Монгол нутаг дах түүх соёлын дурсгал ном  болон www.khentii.mn-ээс

Дээгий, 2012 оны 8 сарын 1

Улаанбаатар хот

 

3 thoughts on “Балдан Бэрээвэн хийд, Хар зүрхний хөх нуур

  1. Deegii akhaa, Zasmal zamaas khaaguur saldiin? Saikhan ayalsan bna tee? comment uldegeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>