Jul 14 2009
Цагаан хайрхан
Цагаан хайрхан, Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сум
2009 оны долдугаар сарын 12-нд бид тав энэ газрыг зорьсон юм. Бараг урд өдөр нь ярилцаад, өмнө нь очиж байгаагүй, хүмүүсийн амнаас сонссон үзэсгэлэнтэй, мөн шүтээнтэй газрыг очиж үзэхээр гэнэт шийдсэн нь энэ. Энэ удаагийн аяллын урилга эхнэрүүдэд мөн хамаатай байсан ч Энхбаяр эхнэр нь ажилтай тул ганцаараа, харин Ижлээ, Боб хоёр эхнэрүүдтэйгээ явлаа.
Наадмын хуушуур, бөхийн таавартай Улаанбаатарыг орхин өглөө эрт хөдөлсөн бидний замд гараандаа гарах гэж буй соёолон морьд, тоосонд нь дарагдан хийморио сэргээх гэсэн наадамчдын машины цуваа таарсан билээ. Оройдоо Орхоны хүрхрээн дээр ирж хоноглосон. Замд таарах амралтын газар, жуулчны баазуудын гадаа гадаадын жуулчид биш, дотоодыг амрагчдын машинууд багталцахгүй шахам багширч байлаа. Маргааш нь бид нутгийн айлаас газарчлах хүн дагуулаад зорьсон хайрхандаа очлоо. Байгалйин үзэсгэлэн, уул, ус тэгширсэн үнэхээрийн сайхан газар. Тун өгсүүр хадат уулаар гурван км орчим мацаж алхах нэг байшингаас нөгөө байшингийн хооронд машин хөлөглөн “ямбалдаг” хотын залуусд амаргүй даалгавар байлаа. Яст мэлхий шиг удаан хэрнээ барианд орсон гүйлтийн тамирчнаас илүү амьсгаадах биднийг шоолосхийн алхах газарчин ахаас ичсэн шүү, үнэндээ.

